Боловсролын салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж өглөө
Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, хичээл зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын багш, дотуур байрны багш, цэцэрлэгийн туслах багш нарт 25 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь 24 сарын цалинтай тэнцэх мөнгө олгоно. Үүнээс сум, тосгон, багийн сургуулийн дээрх албан тушаалтнуудад 10-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа туслах ажилтнуудад 25 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь 12 сар, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10-аас дээш жил ажилласан бол 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг улсын төсвөөс олгож байхаар заасан
Хуульд орсон өөрчлөлтөөр энэ тэтгэмжийг боловсролын байгууллагын өмчийн хэлбэр үл харгалзан олгохоор заасан. Бүх шатны сургууль, цэцэрлэг гэж заасан учраас зөвхөн ерөнхий боловсролын сургууль биш, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн багш нар ч нэгэн адил хамрагдана гэдгээрээ онцлогтой. Түүнээс гадна сум, тосгон багийн цэцэрлэг сургуулийн багшид таван жил тутам зургаан сарынх нь үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Үүн дээр багш буюу түүнтэй адилтгах албан тушаалтан гэж өргөжүүлсэн. Ингэснээр цэцэрлэгийн эрхлэгч, туслах багш, цэцэрлэгийн арга зүйч, эмч, сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, сургуулийн номын санч, сургуулийн эмч зэрэг албан тушаалтан таван жилийн энэ тэтгэмжийг авахаар болсон.
Хуулийн санхүүгийн зардалтай холбоотой заалтууд нь 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бусад заалт нь хууль батлагдсан өдрөөс хэрэгжинэ.
Эх сурвалж:
БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр: “Суманд 10-аас дээш жил ажилласан багш 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна”. Өнөөдөр сонин 2012.05.14 №111(4575)
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Боловсролын салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж өглөө” Үндэсний шуудан 2012.05.12 № 113(1447)