“Дэлхийн номын өдөр”–ийг ШУТИС тэмдэглэлээ
НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан. ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сан уг өдрийг 2010 оноос эхлэн зохион явуулж байна. 2014 оны 04 сарын 23-ны өдрийг өргөн хүрээтэйгээр зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд ШУТИС-н ректор, профессор Б.Очирбат, ШУТИС-н удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, МУ-н анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат, ШУТТНС-н захирал профессор Ч.Гулнар, МУ-н ССАЖЯ-ны номын сан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баяраа, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, Америкийн монгол судлалын төвийн захирал Марк Тассэ, Япон улсын элчин сайдын яам, Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга, Голомт банкны ШУТИС дахь салбарын захирал н.Наранцэцэг, ШУТИС-ийн ректоратын зөвлөлийн гишүүд, профессор багш нар оюутнууд оролцлоо.
Тус номын сан нь 2009 оноос эхлэн 130 гаруй мэргэжлийн 350 мянган номоор 30 гаруй мянган оюутан, 3000 орчим багшид 900 хүний суудалтайгаар үйлчилж байна. Мөн 15 онлайн мэдээллийн сан, 130 мянга гаруй е-Ном, судалгааны бүтээл бий аж. Хүмүүс номын санг ном өгдөг, авдаг, хадгалдаг газар гэж ойлгодог. Тиймээс уламжлалт энэ хэлбэр, ойлголтыг өөрчилж онлайн үйлчилгээг түлхүү ашиглаж байгаа билээ. 2013 онд Олон улсын шинжээчид тус номын сангийн үйл ажиллагаатай танилцаад ШУТИС-ийн Төв номын сан бол Олон улсын жишигт хүрсэн гэсэн дүгнэлтийг өгсөн.
ШУТИС-ийн Төв номын сан “Дэлхийн номын өдөр”–ийг улсын хэмжээнд тэмдэглэж буй учир энэ өдөр олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь Олон улсын техник технологийн номын үзэсгэлэн юм. 2007 оноос ШУТИС-ийн Төв номын сан ОХУ-ын хэвлэлийн газруудтай хамтарч энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн. Энэ жил ОХУ-ын “АСВ” хэвлэлийн газрын барилгын мэргэжлийн ном, “Горная книга” хэвлэлийн газраас шинээр ирсэн номын үзэсгэлэнг гаргаж байна. Мөн Америкийн Монгол Судлалын Төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд ШУТИС-ийн номын санд техник технологи, нийгэм, эдийн засаг, бизнесийн чиглэлийн 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэлээ. Эдгээр номнуудыг үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэн танилцуулсан юм.
Мөн энэ өдөр БИАС-ийн архитектурын ангийн оюутнуудын “Архитектур-Чулуунд шингэсэн симфони” сэдэвт бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэн гаргаж, багш Ш.Энхтунгалаг “21-р зууны архитектур дахь эрх чөлөө” шинэ номын нээлт хэлэлцүүлэгийг хийлээ. Дэлхийн номын өдрийг ШУТИС-ийн оюутнууд номтой хамт өнгөрүүлэх, залуу үеийг номонд дуртай болгох зорилгоор профессор, багш нарын шилдэг бүтээлүүд үзэсгэлэн, хэвлэлийн газруудын номын худалдаа, ШУТИС-ийн оюутны “Миний ном” клуб үйл ажиллагаагаа явууллаа.