Ч.Гулнар: 2015 он гэхэд цахим номын сантай болно

 

ШУТИС-ийн Шинжлэх технологийн номын сангийн захирал доктор, профессор Ч.Гулнартай ярилцлаа.

 

-ШУТИС-иас их, дээд сургуулиудын номын санч нарт зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Өнөөдөр /өчигдөр/ Монгол Улсын соёл урлагийн ажилтнуудын мэргэжлийн баярын өдөр тохиож байна. Түүнчлэн ШУТИС биеэ даасан номын сантай болоод таван жил боллоо. Энд ажиллаж байгаа номын санч нар соёлын ажилтны статустай явдаг. Мөн манай номын сан бол монголынхоо их, дээд сургуулиуд дотроо загвар болох хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Энэ утгаараа төрийн өмчийн тав, хувийн 20 сургууль хамтарсан номын санчдын сургалтыг зохион байгууллаа.

-Зорилго нь?

-Нэгдүгээрт, олон улсын номын сан ямар чиг хандлагатай хөгжиж байна вэ гэдэг мэдээллийг номын санчиддаа өгөх. Хоёрт, их, дээд сургуулийн номын санчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, гуравт хамтын ажиллагааг нь хөгжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулсан юм.

-Ер нь Монголд номын сан ямар байх ёстойг зааж өгсөн хууль, стандарт гэж байдаг уу?

-Өнөөдөр бол Монгол Улсад номын сангийн тухай хууль гэж байхгүй. Гэхдээ энэ намрын УИХ-ын чуулганаар Номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болоод байгаа. Харин стандарт бол бий. Номын сангийн орчин, их, дээд сургуулийн номын сангийн стандарт, нийтийн, хүүхдийн, шинжлэх ухааны номын сангийн гэх мэт тодорхой стандартууд бий.

-Танай сургуулийн номын сангийн хувьд ямар стандарт, түвшинд хүрсэн бэ?

-ШУТИС-ийн номын сан бол эрдэмтэн профессорууд, оюутнуудын сургалт судалгааны орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа. Ном авдаг, өгдөг, хадгалдаг гэсэн уламжлалт арга барил ард хоцорсон. Өнөөдөр бид олон улсын мэдээллийн санг нийт уншигчиддаа цаг алдалгүй түгээх зорилготой ажиллаж байна.  Хуучин бол номын санг оюутны сургалтын орчин гэдэг байсан бол өдгөө сургалт судалгааны орчин болтлоо хөгжиж, өөрчлөгдсөн гэж ойлгож болно.

-Нийт гэдэг нь танай сургуулийн оюутан, багш нараас гадна иргэд ч үйлчлүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Хэн ч ороод үзэж болно. Өнөөдөр мэдээллийн орчин маш хурдацтай хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эрин үед оюутнууд маань амьдарч байна шүү дээ. Тийм учраас бид мэдээллийн хурдтай хөл нийлүүлж алхах ёстой. Ингэж байж оюутнуудаа амжилттай сайн суралцахад нь тусална. Нөгөө талаас эрдэмтэн, профессоруудынхаа ном, гарын авлагыг  олон нийтэд сурталчилах шаардлагатай байна.

-Нийтэд хүрч үйлчлэхэд цахим номын сан чухал ач холбогдолтой байх. Монголд цахим номын сан хэр олон байна вэ?

-Гадуур Монгол Улс цахим номын сантай боллоо гэж бичээд байдаг юм. Үнэндээ бол Монголд цахим номын сан гэж байхгүй. Харин цахим ном бол байна. Номын сан гэвэл өөр асуудал шүү дээ. Стэмфорд, Харвардын номын санг бол дижитал номын сан гэж хэлж болж байна. Ямар утгаараа ингэж хэлж байна гэхээр эдгээр их сургуулиудын номын сан бүрэн автоматчилагдсан, гар утас, интернет ашиглан хүссэн мэдээллээ оюуны өмчийн зохих зөвшөөрөлтэйгөөр авах орчин нь бүрдсэн байдаг. ШУТИС-ийн хувьд Монголд анх удаа цахим номын сантай болох зорилго тавиад ажиллаж байгаа.

-Хэзээ цахим номын сантай болох вэ?

-2015 он гэхэд болчихно. 2013 оноос эхэлсэн ажил шүү дээ. Одоогийн байдлаар бэлтгэл ажил 85-90 хувьтай явж байна. Техникийн болон программ хангамжийн асуудлаа шийдчихвэл болох гээд байна.

-Зардал хэр их гарч байна вэ?

-Зардал бол маш өндөр. Жишээ нь, программын хангамжийн зардал өндөр байдаг. Зөвхөн олон улсын мэдээллийн сан ашиглахад жилд 20 мянган ам.доллар төлж байх жишээтэй. Спингерийн мэдээллийн санг ашиглалаа гэхэд жилийн 52 мянган евро төлж байна шүү. Дээр нь, техник технологийн зардал ч их өндөр гардаг.

-Танай номын сангаар дамжуулж гадны их, дээд сургуулиудын номын санд орж болох уу?

-Мэдээллийн сан болон гадаадын бусад их, дээд сургуулиудын номын санд орох эрхийг нь авна. Жишээ нь, манай номын санд 60 гаруй улсаас хандалт ирсэн байдаг. Манайд хандахад бол төлбөргүй байдаг. Харин бид бусад улсуудын номын сан болон мэдээллийн санд хандахад мөнгө төлдөг.

-Зүй нь адилхан л төлбөр авдаг болмоор юм биш үү?

-Уг нь тийм байдаг. Гэхдээ бид  бол нийтэд нээлттэй байх бодлого барьж байгаа.

-Нээлттэй гэдэг нь үнэ төлбөргүй орно гэсэн үг үү?

-Төлөхгүй. Гэхдээ нэвтрэх эрхээ авсан байх ёстой.

 

 

"Үндэсний шуудан", 2014.09.04, №168, 7-р нүүр

Ч.Гулнар: 2015 он гэхэд цахим номын сантай болно