УИХ-аар Монголын Номын сангийн тухай хуулийг хэлэлцлээ

Манай улс 1509 номын сантай

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулиудын төслүүдийг хэлэлцлээ. Манай улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаагаас Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна.

Эдгээр номын сан нь харьяаллын хувьд олон салбарт хамаардаг бөгөөд соёлын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг гэж сайд Ц.Оюунгэрэл танилцуулгадаа дурдав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Номын сангийн үйлчилгээ, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах, хуулийн төсөл боловсруулах, нэн шаардлагатай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, салбарын орчны стандартыг баталж мөрдүүлэх, номын сангийн үйлчилгээг алслагдсан аймаг, сумын хүн амд хүргэх зорилт”-ыг дэвшүүлсэн. Эдгээр зорилтын хүрээнд Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм гэдгийг сайд онцоллоо.

Уг хуулиар номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах аж.

Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

 

Эх сурвалж:  http://news.gogo.mn/r/148876

УИХ-аар Монголын Номын сангийн тухай хуулийг хэлэлцлээ