НОМЫН ДЭЭЖЭЭСЭЭ ХАНДИВЛАЛАА
Монголын лектор төвийн жинхэнэ гишүүн, Соёл яруу найргийн академийн жинхэнэ гишүүн, Номч академич, зохиолч, яруу найрагч, Соён гэгээрүүлэгч телевизийн хөтлөгч Хас ухаантан Цорос овогт ДОРЖГОТОВЫН БАЯНДАЛАЙ өөрийн хөтөлдөг “СОНГОМОЛ НОМЫН САН” нэвтрүүлэгтээ ШУТИС-ийн номын санг сонгож, номын сангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, номын тухай сайхан нэвтрүүлэг бэлдэж номын сангийн захирал Ч.Гулнартай халуун дулаан яриа өрнүүллээ. Мөн идэвхтэн уншигч, ГУУС-ийн 3-р курсын оюутан Г.Ган-Эрдэнэ оюутан залуусаа төлөөлөн оролцож, номын тухай санал бодлоо хуваалцлаа.
Д.Баяндалай гуай өөрийн “Бурхадын дуулал”, “Залбирлын дуулал”, “Оршихуйн гүн ухаан”, “Төр оршихуй”, “Дурсахуйн товчоо”, “Аз жаргалын гүн ухаан” номын дээжээсээ хандивлалаа.
ШУТИС-ийн ҮТС-ийн “Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент”-ийн профессорын багийн профессор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан , Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) ЛУВСАНСҮРЭНГИЙН ДАМДИНСҮРЭН өөрийн бичсэн ном, зохиолын дээжээсээ ШУТТНС-д хандивлалаа.
Л.Дамдинсүрэн багшийн “Сүү, цагаан идээний шинжлэх ухаан, технологийн тайлал” ном нь таван хошуу малын сүүг боловсруулж , олон нэрийн цагаан идээ бэлтгэдэг монголчуудын уламжлалт мэдлэгийн мөн чанарыг сүүний төрөл, найрлага, физик-хими, технологи, биологийн шинж чанарын онцлогтой уялдуулан шинжлэх ухаан, технологийн үүднээс тайлбарлажээ.
“Бифидобактери: шинж чанар, үйлчлэл, судалгааны арга зүй” ном нь бифидобактерийн шинж чанар, үйлчлэлийн онцлог, түүний судалгааны арга зүйн талаар бичсэн байна. Монгол хүний гэдэсний микрофлор, эх орны зарим амьтан, дотоодын болон гадаадын сүүн бүтээгдэхүүнээс бифидобактерийн өсгөвөр ялгаж, түүний генетикийн шинж чанарыг тодорхойлсон дүн, бифидобактерийн биохими, фунциональ- технологийн шинж чанар, онцлогийг сонгомол тэжээлийн орчинд өсгөвөрлөн таних, пробиотик бичил биетний хөрөнгө бэлтгэх аргачлалуудыг тусгажээ.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ