ШУТИС-ийн НОМ ЗАЛАХ ЁСЛОЛ
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ШУТИС-ийн "Түүхэн замнал" 6 боть бүтээл, 60 Үндсэн сурах бичиг, “Профессор, багш нарын бүтээлийн ном зүй” 2 боть, “НОМ ЗАЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд, ШУТИС-ийн Ерөнхий редакцийн зөвлөлийн гишүүд, ШУТИС-ийн түүхийг бичилцсэн үе үеийн профессор багш нар, УИХ-ийн Тамгын газрын номын сан, Монголын нийтийн номын сан, ИДС-иудын номын сан, Шинжлэх ухаан, технологийн номын сан, ШУТИС-Хэвлэлийн газрын төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн “Түүхэн замнал” 6 боть бүтээлийг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх, МУ-ын гавьяат багш Д.Бадарч, Ректор профессор Б.Очирбарт нар хүндэтгэлтэйгээр залж, зочидод номын дээжээс дурсган, Үндсэн сурах бичгийн зохиогчдод БАТЛАМЖ гардуулав.
Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ болсон ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэх, оюутан суралцагчдын сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэмтэн, профессор багш нарынхаа мэдлэг, ур чадвар, хамтын хүчин чармайлтыг бүрэн дайчилж, ШУТИС-ийн “ҮНДСЭН СУРАХ БИЧИГ”-ийг бүтээн хэвлүүлэх ажилд бүрэлдэхүүн сургуулиудаа манлайлан тэргүүлсэнд ЭХС, БуХС-ийн эрдмийн хамт олонд баяр хүргэж ТАЛАРХАЛ гардууллаа. | |
Мөн ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нарын шинжлэх ухаан, технологийн чиглэлийн эрдэм судлалын бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэгцээт мэдээллийг богино хугацаанд олж авахад туслах зорилготойгоор ном зүйн стандарт бичлэг, аргачлалын дагуу гаргасан ШУТИС-ийн “Профессор, багш нарын бүтээлийн ном зүй” 2 боть бүтээл бүтээсэн ШУТТНС-ийн хамт олонд ТАЛАРХАЛ өргөн барилаа. Тус бүтээлд 1 100 гаруй профессор багш нарын 26 000 орчим бүтээлийн мэдээллийг багтаасан нь судлаач, доктор, магистр оюутнууд, нийт уншигчдын судалгааны ажилд үнэтэй чухал эх сурвалж болсон байна. |
Уг арга хэмжээний хүндэт зочид, профессор багш, ажилтан ажилчид өөрсдийн гарын үсгийг дурсгал болгон зурж үлдээлээ.
Шинжлэх ухаан, технологийн номын сан