Сингапурын хөгжлийн нууц : Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000
Сингапур улс, тэр дундаа Сингапурын гайхамшгийн эцэг гэгддэг Лин Куан Ю хэмээх эрхэмтэй монголчууд бид хожуу танилцсан гэж хэлж болно. Тэр чухам ямар гайхамшгийг хэрхэн бүтээгээд, түүнийг нь дэлхий нийт юуны учир шагших болов? Арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улс Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүйн дээр дорой буурай, олон үндэстнээс бүрдэж байсан тул үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэх зүйлгүй, бусад улсаас хараат байдалд байжээ. Тийм учраас хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахаар бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Харин Ли Куан Ю 1959 онд Сингапурын ерөнхий сайд болсноор энэ улсын ирээдүй хөгжлийн оргил өөд чиглэсэн юм. Өдгөө Сингапур эдийн засгийн хувьд Ази тивд төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц жинтэй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед 60, 70 жилийн тэртээх буурай хөгжилтэй, ажил орлогогүй иргэдтэй Сингапур улс хэрхэн өөрийн онцлогийг мэдэрч, хөгжлийн оргилд хүрэх замдаа орсон тухай Ли Куан Югийн бишрэм түүх, дурдатгалаас монголчууд бидэнд суралцах зүйл их. Иймийн учир “Сингапурын хөгжлийн нууц (Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000)” номыг монгол хэлээр гаргах эрэлт хэрэгцээ зайлшгүй хэмээн үзээд, номын орчуулгад ихэд анхаарал тавьж уншигчдад хүргэхийг эрхэм зорилгоо болголоо.