"ХАЛААЛТ" шинэ номын нээлт хэлэлцүүлэг боллоо
ШУТИС-ийн БАС-ийн “Хүрээлэн буй орчны инженерийн салбар”-ын багш, доктор (Ph.D), дэд профессор Цогтбаярын Уранцэцэг нь мэргэжлийн хичээлийн шинэ сурах бичиг болох “Халаалт” номоо хэвлүүлсэн бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн хурлын танхимд тус номынхоо нээлт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Арга хэмжээнд БАС-ийн захирал Б.Нарантуяа, ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал, профессор багш нар, Ж.Даваацэрэн эрхлэгчтэй “Хүрээлэн буй орчны инженерийн салбар”-ын багш нарын төлөөлөл, номын багш, Гавьяат багш Ц.Дашдорж, С.Чулуунхуяг болон гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч, шавь нарын төлөөллүүд оролцлоо.
Монгол улсын зөвлөх инженер, доктор (Ph.D), дэд профессор Ц.Уранцэцэг нь олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд 40 гаруй, мэргэжлийн сэтгүүлд 10 гаруй судалгаа шинжилгээний өгүүлэл тус тус хэвлүүлж, хамтарсан болон бие даасан 20 орчим ном, сурах бичиг гаргаж ажилласан байна. Ц.Уранцэцэгийн “Халаалт” шинэ ном нь сурах бичигт тавигдах стандарт шаардлагын дагуу бичигдсэн оюуны томоохон бүтээл болсныг профессор багш нар онцолж байсан юм.
Номын нээлт хэлэлцүүлгийг ШУТТНС-аас санаачлан БАС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлал ёсоор "Халаалт" шинэ номын нээлт, хэлэлцүүлгээ хийсэнд баяр хүргэж захирал Т.Энхцацрал тус номын зохиогч Ц.Уранцэцэгт №38 тоот "Батламж"-ийг гардуулан өгч цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүслээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Шинжлэх ухаан, технологийн номын сан