Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн соёрхолт, академич П.Очирбатын нэрэмжит номын өргөө нээлтээ хийлээ

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын санд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн соёрхолт, академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит номын өргөө” нээлтээ хийлээ.

   

   

  

Нээлтэд Монгол Улсын анхны тэргүүн хадагтай Ш.Цэвэлмаа, ШУТИС-ийн Ректор  профессор Т.Намнан, ШУТИС-ийн удирдлагууд, ШУТИС-аас төрөн гарсан төрийн шагналтнууд, академичид, гавьяат багш нар болон эрдэмтэн судлаачид, ахмад багш нар, П.Очирбат агсны гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, ажлын хамтрагчид, хүндэт зочдын төлөөлөл оролцлоо.

      

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сангаас эрдэмтэн судлаачид, ахмад багш нарт зориулсан танхимыг байгуулах санал гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг ШУТИС-ийн захиргаа, Геологи уул уурхайн сургуулиас дэмжин нийт 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж,  засвар, тохижилтын ажлыг хамтран хийж гүйцэтгэлээ.  

         

         

Тус номын өргөөнд академич П.Очирбатын бүтээлүүдээс гадна геологи, уул уурхайн мэргэжлийн болон монгол улсын түүх, нийгэм улс төр, эдийн засаг, эрчим хүч зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарын 1200 гаруй сургалт  судалгааны ном товхимол, нэг сэдэвт бүтээлүүд, 170 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг байршуулсан бөгөөд эдгээр бүтээлүүдийг тэргүүн хадагтай асан Ш.Цэвэлмаа болон үр хүүхдүүдээс нь хандивласан юм.

  

  

Мөн нэрэмжит номын өргөөний нээлтийн арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн төв байрны гадна ногоон байгууламжид дурсгалын мод тарих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

    

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн соёрхолт, академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит номын өргөө нь эрдэмтэн судлаач, ахмад багш нар болон зорин ирсэн хүн бүхэнд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай судалгааны орчин байх болно.

   

Танхимын байршил: ШУТТНС-ийн 5 давхар, 502 тоот

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Шинжлэн Ухаан, Технологийн Номын Сан

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн соёрхолт, академич П.Очирбатын нэрэмжит номын өргөө нээлтээ хийлээ