Шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр боллоо. Ёслолын ажиллагааг ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан нээж, нийт эрдэмтэн багш, ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ. ШУТИС-ийн багш, ажилтнуудын олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, төрийн дээд шагнал, одон медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг болон их сургуулийн шагналаар шагналаа.
Энэ үеэр Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн Очирбатын Ариунжаргал, ахлах мэргэжилтэн Бямбаагийн Эрдэнэцэцэг, Менежментийн сургуулийн номын санч Цэрэндоржийн Доржханд нар “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр,
Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн ахмад настан Самандын Бямбасүрэн, Менежментийн сургуулийн номын санч Эсмэдэхийн Урнаа нар “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн сан хөмрөгийн номзүйч Энхболдын Нарантуяа Боловсролын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдлаа.
Боловсрол, соёлын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт номын сангийн хамт олондоо цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Шинжлэх ухаан, технологийн номын сан